Сүүлийн шинэчлэлт: 2014 11.21 - 14 цаг 59 минут
Facebook.com/Дорнод 24 цаг+

Нэг сая төгрөгөө авах хүсэлт гаргаагүй иргэнд бэлэн мөнгө олгохгүй

2012 оны 05-р сарын 10. 09:29

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас цаг үеийн гурван асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Нэгдүгээрт бүх нийтийн Хөдөлмөрийн өдрийг энэ сарын таванд vндэсний хэмжээнд зохион байгуулахаар болсон тухай байв. Энэ өдөр ажилласан иргэдийн нэг өдрийн ажлын хөлсийг 9000 төгрөгөөр тооцох жишиг тогтоожээ. Ингэснээр цэцэрлэгжүүлэлт, тохижилт, цэвэрлэгээний ажлыг гvйцэтгэх юм байна. Улсын хэмжээнд нийт 5179 байгууллагын 180 гаруй мянга иргэд нэг тэрбум зургаан зуун мянга гаруй төгрөгийн өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгэнэ гэсэн тооцоо гарсан аж.

Мөн энэ оныг Засгийн газраас “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор бүх нийтийн хөдөлмөрийн өдрийг “Өрхийн хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар болсон байна.

Мөн тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, тэтгэврийн зөрүүг арилгахаар Засгийн газар энэ оноос эхлэн хоёр үе шаттайгаар нэмэхээр болж 80 дугаар тогтоолыг баталсан. Нэмэгдэлд шаардагдах хөрөнгийн ч мөн нийгмийн даатгалын төсөвт суулгаж өгчээ. 80 дугаар тогтоолд тусгаснаар эхний шатны нэмэгдлийг өнгөрсөн хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн нэмж тэтгэврийг 35 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ нэмэгдэл нь 29 хувиар буюу 165 мянган төгрөг болсон.

Харин энэ сарын хоёрны өдрийн Засгийн газрын тогтоолын дараагийн шат тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг нэмэгдүүлэх мөн тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор хэрэглэх цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох шийдвэрийг гаргалаа. Энэ итгэлцүүр нь хамгийн сүүлд буюу таван жилийн өмнө шинэчлэн баталж байжээ. Ийнхүү энэ сарын нэгнээс эхлэн тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг авснаар одоо авч байгаа 165 мянган төгрөгийн дундаж хэмжээг 222400 төгрөгт болгож өнгөрсөн оны тэтгэвэртэй харьцуулбал 75 хувиар нэмэгдэх юм.

Түүнчлэн хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин нэмэгдсэнтэй холбогдуулан бүрэн ба хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг тус бүр 40000 төгрөгөөр нэмэгдүүлж бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180300 төгрөг хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод нэмжээ 145200 төгрөг болсон.

Дээрх нэмэгдэлд нийт тэтгэвэр авагчдын 64 хувь буюу 190 гаруй мянган иргэн хамрагдаж байгаа ба 1995 оноос өмнөх цалин хөлсөндөө үндэслэгдэн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэр 62600 төгрөгөөр нэмэгдлээ гэсэн үг.
Харин 1995 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон иргэдийн хувьд 48100 төгрөгөөр нэмэгдэж байгаа аж. Тэтгэврийн нэмэгдлийг хамгийн гол нь хэзээнээс авч болох вэ гэдэг нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан. Энэ талаар НХХ-ийн сайд Т.Гандигаас тодруулахад “Засгийн газраас тэтгэврийг нэмэгдүүлэх 80 дугаар тогтоолын хоёрдугаар шатыг энэ сарын хоёрны өдөр баталсан. Баталсны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газар нэмэгдлийг олгох ажлыг зохион байгуулна.

Тухайлбал, нийслэл хотод тэтгэвэр cap болгоны эхнээс олгогдож эхэлдэг. Харин хөдөө орон нутагт cap болгоны 15-наас хойш олгогддог. Тиймээс энэ удаагийн нэмэгдлийг энэ сарын сүүлээр эсвэл зургаадугаар сарын тэтгэвэр дээр нэмж олгоно” хэмээн тайлбарлалаа. Мэдээллийн сүүлд өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох Тавантолгойн хувьцааг бэлэн мөнгөөр Засгийн газарт худалдах талаар мэдээлсэн. “Эрдэнэс Тавантолгой ХК”-иас эзэмшиж байгаа хувьцаагаа Засгийн газрын нэрлэсэн үнээр худалдах ажлын эхэнд иргэдийг хүсэлтийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж гэнэ.

Энэ ажлын үргэлжлэл болгож эхний ээлжинд өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэлт, өргөдлийг хүлээж авсан. Харин энэ сарын 20-ны дотор дээрх хувьцааг эзэмшиж байгаа Монгол Улсын иргэд дээрх хувьцаагаа мөнгөн хэлбэрээр авах эсэхээ харьяа аймаг, дүүргийн халамжийн хэлтэст өргөдлөөр мэдэгдэх ёстой болж байгаа юм.

Энэ ажил нийт иргэдийн дунд явуулж байгаа гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй аж. Энэ сарын 20-ны дотор иргэд өргөдлөө өгөөд зургаадугаар сарын нэгний дотор Тавантолгойн хувьцаа эзэмших, худалдах иргэдийн тоог нарийн тогтоож, нэгтгэн гаргахаар болжээ. Хэрвээ иргэд хувьцаагаа бэлэн мөнгө хэлбэрээр авах бол заасан хугацаанд өргөдлөө өгөх хэрэгтэй гэнэ. Хугацаа хэтэрвэл бэлэн мөнгөөр авах боломжгүй болно гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

Хувьцааны арилжаа болон хувьцаа эзэмшсэн тохиолдолд хувьцааг ямар хэлбэрээр иргэд ашиглаж болох талаар НХХЯ- ны Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ш.Мөнхцэрэнгээс тодрууллаа.

-Нэг сая төгрөгөө бэлэн мөнгөөр авах өндөр, настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгийг яг хэзээнээс олгож эхлэх вэ?
-Манай яамны зүгээс эхний ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настнуудын өргөдөл, хүсэлтийг хүлээн авч нэгтгээд төрийн санд хүлээлгээд өгчихсөн. Сангийн яаман дээр хөрөнгө төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Тэдний өгч байгаа мэдээллээр эхний ээлжийн санхүүжилтийн зохицуулалтуудыг хийнэ гэсэн мэдээлэл манайд өгсөн. Тэгэхээр энэ сарын 15-наас дотор дөрөвдүгээр сарын санхүүжилт хийгдэнэ гэсэн үг.

-Сая төгрөгийг олон хэлбэрээр авч болох ямар хувилбаруудыг гаргаад байгаа бэ?
-”Хүний хөгжил”-ийн сангийн мөнгийг олон хэлбэрээр олгож байсан. Тухайлбал, оюутны сургалтын төлбөр, орон сууцны зээл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, иргэдийг бөөнөөр нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих үүднээс бэлэн мөнгөө бөөнөөр нь авах, арга хэмжээ авсан. Харин хувьцааны тухайд энэ сарын 20-ны өдрөөс тасалбар болгоод нийт иргэдийн дунд нэг бол хувьцаагаа. нэг бол бэлэн мөнгөө авах хүсэлтийг гаргах шаардлагатай байгаа юм. Хэрэв заасан хугацаанд өргөдлөө өгөөгүй бүх иргэдэд хувьцаа олгогдоно. Тэгэхээр энэ хүсэлтийг заасан хугацаанд гараагүй тохиолдолд хувьцаа хөрвөх хэлбэр байхгүй болж байгаа. Харин бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан тохиолдолд дээрх мөнгийг орон сууцны төлбөрт шилжүүлэх хэлбэрээр оруулж болно. Энэ хүсэлтээ өргөдөлдөө тодорхой тусгах ёстой.

-Хувьцааны зарим хэсгийн худалдаад зарим нь хувьцаагаар нь авч үлдэх сонирхолтой байгаа. Тийм боломж бий юу?
-Иргэдийн дунд тийм санал байгаа. Энэ хувилбар бол нээлттэй байгаа гэж ойлгож болно.

-Хүсэлтээ гаргахад иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Иргэдээс нэг их олон бичиг баримт шаардахгүй. Иргэний үнэмлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тодорхойлсон дэвтрийн хуулбар байхад хангалттай.

-Иргэд хувьцаагаа хэн нэгэнд өвлүүлэх шилжүүлэх эрх бий юу?
-Хэн нэгэнд хувьцаагаа өвлүүлэх эх нь нээлттэй байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох хөдөлмөр халамж үйлчилгээний газраас тодруулж болно.

Хувьцаа хэлбэрээр иргэд авбал хэр ашигтай байх талаар иргэдэд ямар ч ойлголтгүй байгаа гэж болно. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Б.Даажамбаас тодрууллаа.

-Иргэд хувьцаа ямар хэлбэрээр авах бэ?
-Засгийн газраас Монгол Улсын иргэн бүрт Эрдэнэс Тавантолгойн ХК- ны хувьцаа эзэмшүүлэх болсонтой холбоотой Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны төлбөр тооцооны төвөөс ирүүлсэн 2010 оны бүртгэлийн дагуу Монгол Улсын иргэдийн нэр дээр Тавантолгойн хувьцааг эзэмшүүлэхээр болсон. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас энэ оны дөрөвдүгээр cap хүртэлх хугацаанд шинээр төрсөн хүүхдийн тоог нарийн гаргаж байгаа. Хувьцааг бэлэн мөнгөөр авах иргэдийн тоог гаргасны дараа хувьцааг эзэмших хүний тоог хороо эргэж өгнө. Үүний дараагаар Монгол Улсын иргэний нэр дээр хувьцааг байршуулна.

-Байршуулсны дараагаар яаж арилжаалах вэ?
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагаар брокерын байгууллагуудад иргэд данс нээлгэж байгаа. Энд нэг тайлбар өгөхөд хувьцаа эзэмшиж байгаа иргэд заавал мэргэжлийн байгууллагаар дамжуулан үнэт цаасны арилжаанд орно. Ингэснээр хувьцаагаа арилжиж ноогдол ашгаа авч болно. Мэргэжлийн байгууллагаар дамжуулан өөр хэлбэрээр ашиглаж болно.

-Одоогийн байдлаар хичнээн хүн данс нээлгэсэн байна бэ?
-Одоогоор нийт 738 мянган хүн данс нээлгээд байгаа. Ийнхүү мэдээллийг өгсөн юм. Эцэст нь хэлэхэд одоо арав гаруйхан хоногийн дотор иргэн та хэрэв Тавантолгойгоос эзэмших хувьцаагаа бэлэн мөнгө болгох саналтай бол даруйхан өргөдлөө гаргахгүй бол энэ сарын хориноос хойш хүсэлт гаргаагүй бүх иргэнд хувьцаа хэлбэрээр олгогдохоор болсон гэдгийг сануулж байна.

Н.Наран

Эх сурвалж: Улаанбаатар таймс

Мэдээний URL:


Та Дорнодын ирээдүйн төлөө сэтгэл зовниж явдаг бол LIKE дараарай.



Энэ мэдээг бусдад дамжуулъя [Share, Tweet, Print, E-mail...]

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dnews.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 91584108 утсаар хүлээн авна. .

Энэ 7 хоногийн Онцлох нийтлэлүүд